Soronznews.mn
Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент
Soronznews.mn
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

Н.Ганзаяа: Монгол орон үйлдвэрлэгч болохын тулд бид одооноос эхлэх ёстой!

Ө. Одхүү by Ө. Одхүү
2025-01-21
0

“Залуу үе нь таалагддаг дээд үе байдаггүй” гэж нэг эрхэм хэлсэн байдаг. Магадгүй энэ үг одоо үеэ өнгөрөөсөн байхыг үгүйсгэхгүй. Учир нь өнөө цагт бид залуу үеэсээ суралцах ёстойг “Z” үеийнхэн өдөр ирэх тусам баталсаар байна. Тэдний нэг бол мойлхон нүдэн Н.Ганзаяа охин юм. Тэрбээр залуу хүнд баймгүй хэрсүү ажил эхлүүлсэн нь шилэн савыг буцаан худалдаж авч, эдийн засаг болон эх орондоо ээлтэй иргэн байхыг баталж яваа юм. Түүний энгийн хэрнээ эерэг бүхнээр дүүрэн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

–Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?

-Намайг Ганзаяа гэдэг. 23-н настай. Дорнод дээд сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Одоохондоо мэргэжлээрээ бус “Афта” супермаркетад худалдааны зөвлөх хийдэг. Ер нь бол “Байгальд ээлтэй амьдаръя” гэсэн уриатай хүн /инээв/.

–Танай дэлгүүрээр орж яваад харсан. Бидний нэрлэж заншсанаар варианы шилийг үйлчлүүлэгчдээсээ буцаан худалдаж авдаг юм билээ.Үүнийг Ганзаяаг санаачилсан гэсэн энэ талаар сонирхуулаач?

-Манай улс шил шилэн бүтээгдэхүүнийг бараг үйлдвэрлэдэггүй гэхэд болно. Тоотой хэдийг л үйлвэрлэдэг гэж би сонссон. Шилэн савтай бүтээгдэхүүн үйлдвэрээс бидний гар дээр ирж байгаа шүү дээ. Зарим хүмүүс шилийг хаяхгүйгээр угааж цэвэрлээд дахин хэрэглэдэг. Тэдний зөв гэж би боддог. Гэхдээ эргүүлээд үйлдвэрт нь буцаад өгвөл ахиад л бүтээгдэхүүн болоод бидний гарт ирнэ. Энэ нь нэг талаараа эдийн засагт хэмнэлттэй нөгөө талаараа байгаль орчинд ээлтэй юм.

–Шилийг хэдэн төгрөгөөр худалдаж авдаг вэ. Хэмжээнээсээ шалтгаалаад өөр өөр үнэтэй юу?

-Ер нь бол хэмжээнээсээ шалтгаалаад өөр өөр үнээр худалдаж авдаг. Жишээ нь: 350 граммаас эхлээд 1л700 гр хүртэл шилэн савыг худалдаж авдаг.Үнийн хувьд 50-н төгрөгийн зөрүүтэй. Хамгийн том нь 150 төгрөг, хамгийн бага 350 граммтай шил 50 төгрөг гэсэн үг.

–Хүмүүс ихэнхдээ цуглуулж байгаад олноор нь авчирч өгч байгаа гэж сонссон. Тэгэхээр олон тоогоор худалдаж авахад чамд санхүүгийн хувьд хүндрэлтэй байна уу. Эсвэл гэр бүл ойр дотныхон нь тусалдаг уу?

-Энэ санааг анх гаргахад манай байгууллагаас маш сайхан хүлээж авч бүх л талаар тусалж дэмжсэн.Үйлвэрүүд рүү буцаах тээвэрлэлтийн хөлс үүгээр ч зогсохгүй таны асуусан үйлчлүүлэгчдээс буцаан худалдаж авах мөнгийг хүртэл гаргаж өгдөг. Хүмүүс кассанд шилээ тушаагаад, мөнгөө аваад явна. Тэрийг харах бүртээ би урам авдаг. Ядаж шилнүүдээ цэгцтэй гоё хураая гэж байнга боддог юм. Зөвхөн варианы шил гэлтгүй “Үлэмж органик” тарагны шилийг ч бас авдаг. “Үлэмж органик” өөрсдөө шилээ үйлвэрлэдэггүй гаднаас авдаг юм.Тийм учир манай компаниас тэднийхтэй холбогдоод “Тарагныхаа шилийг буцааж авах уу. Манайх цуглуулж өгье” гэсэн санал тавьсан. Тэднийх энэ саналыг дуртайяа хүлээн авсан.

–Байгаль орчиндоо ээлтэй эерэг шинэлэг санааг хэрэгжүүлээд хэр удаж байна вэ?

-Түрүү жилийн наймдугаар сард эхэлсэн. Одоогоор манай аймгийнхан сайн мэдэхгүй байх шиг байна лээ. Зарим нь шилээ буцааж өгөхөөс залхуурдаг ч байж мэднэ. Бүр зарим нь тоодоггүй ч байж магадгүй. Ер нь бол манай байгууллага уриалаад л байна. Гэхдээ анх эхэлж байснаа бодвол ахиц гарсан гэж би боддог. Манай хамт олон “Цаашаа үйлдвэрүүд рүү явуулаад бүтээгдэхүүний сав болоод буцаад ирнэ” гэж үйлчлүүлэгч нартаа маш сайн тайлбарлаж өгдөг нь өнөөдрийн жижигхэн амжилтыг авч ирсэн байх. Амжилт гэхээс илүүтэй нийгэмдээ чадах чадахаараа туслах гэсэн сэтгэл л юм даа. Гадаадын улс орнуудад хогоо ангилж, тэрийгээ дараагийн бүтээгдэхүүн болгодог. Монголд яагаад тийм байж болохгүй гэж яагаад залуучууд бид хийж болохгүй гэж. Ийм дадал зуршлыг би хэрэгжүүлж надаас эхлэх ёстой гэж бодсон. Ганцхан шил гэлтгүй хогийг ч гэсэн зөв ялгачихвал дараагийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүд хүртэл бий болно. Үйлдвэрээ дагаад ажлын байр ч нэмэгдэнэ шүү дээ. Тэгэхээр эдийн засагт ч нэмэр болж байгаль орчинд бүр ээлтэй. Ер нь бол одооноос бид эхлэх ёстой.

Хогийг дахин боловсруулах үйлдвэр яагаад Монголд байгуулж болохгүй гэж!

–Цаад үйлдвэрүүддээ шилээ хэдэн төгрөгөөр өгдөг вэ?

-400-н төгрөгийн үнэтэй шилийг 350-аар өгдөг. Нэг шилнээс 50 төгрөг л хардаг. Гэхдээ одоо бол сүртэй ашиг гэж байхгүй. Иргэд идэвхитэй байж жижиг гэлтгүй хүн бүр оролцоосой л гэж хүсдэг.

–Сард ойролцоогоор хэдэн ширхэг шил үйлдвэрүүд рүү буцаагдаж байна вэ?

-Түрүү сар энэ сар тийм сайн буцаагдаагүй ээ. Уул нь уламжлалт баяр гээд хамгийн их буцаалтад ирэх байх гэж бодож байсан. Магадгүй хүмүүс баярын үе таараад шил цуглуулж дэлгүүрт өгөх завгүй байсан байх. Сардаа 20 ширхэг шил ирдэг. Тиймээс иргэд идэвхи гаргаад, жаахан ч гэсэн байгальдаа ээлтэй байгаасай гэж хүсдэг. Би бас энэ шилнүүдийг цуглуулаад дараагийн бүтээгдэхүүн болгодог газар нь өгч болох талаар судалж байна. Яваандаа иймэрхүү төрлийн бизнес эхэлье гэж боддог.

–Байгууллагын ажилтнууд бол шилээ байнга өгнө биз?

-Тэгэлгүй яах вэ. Манай хамт олон хоёр, гурваар байнга өгдөг. Би бага ч гэсэн ахиц гэж хараад баярладаг. Хэдий компаниас бүх зардлыг дааж байгаа ч бага багаар нь явуулж, унааны хөлс их гаргахгүйгээр бөөгнүүлж байгаад нэг явуулах бодолтой байгаа. Бас байгууллагаа бодох хэрэгтэй шүү дээ.

–Энэ ярилцлагыг уншиж байгаа хүн шилээ буцааж өгье гэвэл яг хаана очих вэ. Уншигчдад маань мэдээлэл өгөөч?

-Одоогоор бол зөвхөн “Афта супермаркет”-д л авч байгаа. Байгууллагынхаа “Facebook” болон сошиал хаягаар мэдээлэл түгээдэг. Мөн бид манай дэлгүүрээс шилэн савтай бүтээгдэхүүн худалдан авч байгаа хүмүүстэй тулж харьцаж буцаан худалдаж авч байгаа шүү гэж хэлдэг.

Залуус бид яг одооноос эхэлж хогоо ангилж сурах хэрэгтэй, энэ бол ирээдүйдээ зориулах том хөрөнгө оруулалт!

–Хийх ёстой ажлаа л хийх биш хүн бүр өөр шиг тань нийгэмдээ эерэг хандлагатай байх юм бол манай улсын хөгжил 10-н жилээр урагшлах байх даа. Үүнийг хийх болсон гол хүчин зүйл юу байна?

-Миний хамт олон болон удирдлагууд мундаг хүмүүс байдаг. Би удирдлагуудаасаа жишээ авч тэр хүмүүсээс суралцдаг. Би эмэгтэй захиралаасаа маш их юм сурсан. Ажилчидтайгаа маш их ярилцдаг. Сургалт байнга зохион байгуулна. Өөрийнхөө хүүхдэд өгч байгаа юм шиг зөвлөгөө өгдөг сэтгэлтэй хүн байдаг. Бас хамт олны минь халуун дулаан уур амьсгал ч нөлөөлсөн байх. Бид ачаалал ихтэй ажилладаг ч гэсэн бие биеэ маш их хүндэлж, дэмждэг. Дээр нь ямар ч асуудлыг эерэг байдлаар, тайван замаар шийдэхийг хичээдэг. Ажилтануудаа сонсдог байгууллага болохоор ажлаасаа гарч чаддаггүй хоргодоод байдаг юм /инээв/.

–Танай дэлгүүрийн бусдаас ялгарах онцлог давуу тал нь юу гэж боддог вэ?

-Соёлтой үйлчилгээ гэж боддог. Хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг өргөн сонголттой төрөл төрлөөр авч ирдэг. Худалдан авагч юм хайгаад явж байхад тэр хүнтэй тулж ажиллаж, “Танд юу хэрэгтэй байна” гэх зэргээр зөвлөж чаддагаараа давуу талтай.

–Шил худалдаж авах ажлынхаа ирээдүйг хэрхэн харж байгаа бол?

-Дөнгөж эхэлж байна. Цаашдаа өргөжөөд нэлээд явна байх. Дорнодод шилний үйлдвэр ч бий болох юм билүү хэн мэдлээ. Шил бол олон талын давуу талтай. Цонхноос эхлээд дахин боловсруулахад өндөр өгөөжтэй. Харин хаягдах юм бол хор нөлөө ихтэй. Жишээ нь хээр хаясан шил нарны тусгалын улмаас халж оч болоод түймэр гарах аюултай. Манай аймаг тал учраас бүр ч их эрсдэлтэй. Дээрээс нь шил 1000-аас дээш жил задардаггүй. Энэ нь байгальд үлдэх хор нөлөө асар их учраас бид одооноос үүнийг хийж эхлэх хэрэгтэй.

–Тийм шүү. Үе тэнгийн залууст хандаж юу захих вэ?

-Залуус бид яг одооноос эхэлж хогоо ангилж сурах хэрэгтэй шүү. Тэгж байж бид хогийг дараагийн бүтээгдэхүүн болох үйлдвэр босоход туслах нэг алхам хийж байна гэсэн үг. Энэ нь бид ирээдүйдээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт болох болно гэдэгт би
итгэлтэй байна. Ухамсартай иргэн байж, хөгжил цаашаа явна шүү гэж хэлмээр байна.

–Ярилцсанд баярлалаа.

Б.Отгон

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Soronznews.mn

©2025 Soronznews.mn.

Холбоосууд

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагах

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Ярилцлага
  • 🧲Hello
    • Папарацци
    • Яг түүн шиг
    • Надад тохиолдсон хүндхэн явдал
  • Дэлхий
  • Шар мэдээ
  • Энтертаймент

©2025 Soronznews.mn.