–Хүний амьдрал гэдэг туулж барамгүй урт хэрнээ туулаад ирсэн хойно богино ч юм шиг санагддаг. Өнөөдрийн нийтлэлч Болушкаг бүтээсэн хүүхэд нас, хүсэл мөрөөдөл ямар байсан бол. Энэ тухай дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?
-Миний хүүхэд нас хөдөөгийн нам гүм суурин, найрсаг, цайлган хүмүүсийн дунд өнгөрсөн. Ээж аав хоёр маань эмч учраас завгүй ажилтай, томилолтоор явах нь их. Сум дундын ерөнхий эмчээр ажилладаг байсан болохоор тэр биз. Аав ээжийн эзгүйд номтой нөхөрлөж, зохиолын баатруудын амьдралд орж явлаа. Түүнээс хэн нэгэн болно гэсэн мөрөөдөл байсан эсэхийг мэдэхгүй, одоо эргээд санадаггүй юм. Магадгүй мөрөөдөхөөсөө илүү алив зохиолын баатруудын амьдралд илүү орж явсан байх. Гэхдээ одоо эргээд санахад тэгтлээ номонд дурлаж байсан хэр нь яагаад бичдэг хүн болно гэж бодож яваагүй юм бол хааяа гэж гайхдаг шүү. Гэхдээ оюутан болоод мэргэжил сонгох цаг ирэхэд миний толгойд МУБИС-ын утга зохиолын анги байх нь байсан. Тухайн үед мэргэжил сонгоход онц сурлагатнуудын хувьд сонголт илүү амьдралаа бодсон талдаа байж дээ. Хууль эрх зүй, эдийн засаг, банк санхүү, технологи гэх мэт. Хэрвээ чи амбицтай бол хуулийн, физикийн сургууль, КТМС тэргүүтэй сургуульд ордог байлаа. Манай үеийн бүх л онц сурлагатнууд эдгээр сургуульд хуваагдаад л орсон. Би ч мөн ялгаагүй. Энэ нь нийгмийн хөгжлийн он цаг, хүмүүсийн сэтгэлгээний онцлог байж дээ. Гэтэл газар үзэж нүд тайлаад, сурч, хөгжөөд ирэхийн цагт утга зохиол, хүмүүнлэг, либерал артсын чиглэлээр суралцагчид нь нэлээд оюунлаг хэсэг болж таарав. Одоо Европын оюуны сонгодог бүтээл туурвигчид бүгд л энэ салбаруудаас төрөн гарсан.
–Тэгэхээр багаасаа уншиж эхэлжээ?
-Би цэцэрлэгт байхдаа уншиж сурсан. Одоо эргэн санахад дөрөв орчим настай л байсан юм даг уу. Гэрт байсан номнуудаа уншсаар байгаад л сурсан шиг байгаа юм. Тэгээд ангийнхандаа үлгэр уншиж өгдөг ажилтай болов. Миний энэ хорвоод хийж эхэлсэн анхны ажил байв. Ангийхнаа тойруулчихаад дунд нь үлгэр уншиж суусан, Оюунцэцэг багштай цэцэрлэгийн анги маань байлаа. Гэтэл би одоо намайг тойрсон магтаал, шүүмжлэл, хараал ерөөл, элдэв хов жив дундуур явна. Хүний хувь тавилан юм даа гэж энэ бүгдийг хааяа боддог юм. Ингээд уншаад эхэлтэл ээж ааваас минь эхлээд гэр бүл, нутгийн маань хүмүүс онцгойлон үзэж их эрхлүүлж, өргөж өсгөсөн. Монголчууд бидний гайхалтай соёл бол номоо торгон баринтганд ороодог, ачаа нүүдлийнхээ хамгийн эхэнд явуулдаг гэх мэт номыг маш их дээдэлдэг. Үүн шигээ эрт ном уншаад эхэлсэн хүүхдийг онцгой үздэг.
–Болушка гэдэг хүнийг бүтээсэн олон л зүйл байгаа. Түүний нэг нь яалт ч үгүй ном болж таарч байна. Амьдралд чинь нөлөөлсөн ном байдаг уу?
-Хүмүүс ямар ном таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ гэх мэтээр асуудаг. Ганц л ном юм уу нэг үйл явдал хүний зан төлөв, амьдралын хэмнэлд нөлөөлнө гэж байхгүй. Маш олон зүйл нөхцөлдөж байж нэг хувь хүнийг төлөвшүүлдэг. Миний уншсан бүгд нийлж нөлөөлсөн гэж боддог. Миний багын үеийн номууд мэдээж соцреализм, Орос, Францын сонгодогууд л байна шүү дээ. Тэгэхээр тэр номуудыг бичсэн зохилчдын үзэл санаа надад нэвчиж эхлэнэ биз дээ. Хэрвээ би Япон яваагүй бол ямар хүн байх байсан бэ гэж бодож үзсэн л дээ. Гадагшаа явж ном эрдэм сураагүй бол монгол зохиолчид нэн ялангуяа яруу найрагчдад байдаг нэг онцлог болсон сайнаар хэлбэл эх оронч, муугаар хэлбэл хэт үндсэрхэг үзэлтэй нэгэн болчихсон явах байсан болов уу. Гадаад оронд очоод олон хэлийн хүмүүстэй зэрэгцэн суралцаж байхдаа ч гадаад нөхөртэй болохгүй гэж ярьдаг хүүхэд байлаа. Үндсэрхэг үзэл илэрч байгаа хэлбэр байхгүй юу. Одоо ч эх оронч үзэл маань хаягдаагүй хэвээрээ. Гэхдээ хүн ой санамждаа болж өнгөрсөн үйл явдлыг их гоёор буюу алдаатай кодлодог. Эргээд санахад гоё мэтээр. Гэтэл бодит байдалд тухайн үеийн нийгэм нэлэнхүйдээ саарал ертөнц байсан. Батболд найруулагч “1984”-ийг тайзанд цагаан өнгөөр тавьж байна, цагаан өнгө гоёдож байж ч магадгүй. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр тухайн нэг өнгийн нийгэмд номонд гарах өөр ертөнцийн өнгө будганд автаж төсөөлж өөрийнхөө бага насыг илүү олон өнгөтэй болгож өссөн байна. Магадгүй одоо гадагш харахад өөр олон янзын өнгө будагтай байшин барилга, амьдралын хэмнэлүүд харагдах ч зарим талаар хүүхдүүд “Өөр” саарал өнгө дунд амьдраад байгаа ч юм шиг. Жаахан өөр ялгаатай санагддаг. Бидний үеийнхэн хүүхэд насаа ярихаар нийтлэг зүйлс их байдаг. Системийн шилжилтийн шок нэг ч айл гэр, нэг ч хүн үлдээлгүй нэрвэдэг. Тодорхой хөгжлийн үе шатыг аясаараа яваад ирсэн нийгэм байсан бол айл гэрийн амьдрал өөр байх ба хүүхдүүдийн бага нас ч ялгаатай өнгөрч болох байв.

–Хүүхэд насны дурсамж дунд жаахан гуниг байна уу гэж анзаарагдлаа, өнөөдрөөс харахаар хэцүү байж дээ гэж бодогдоод байдаг юм болов уу?
-Үгүй ээ. Миний хамаг л сайн сайхан багадаа уншиж байсан ном дотор байсан. Өнгөрсөн зууны эхэн үеийн Америк, барууны орнуудад бага насны хүүхдийг хүнд хүчир ажил хийлгэдэг байлаа, юун номтой манатай. Монгол орон шилжилт, хямралын маш том шокыг туулж байхад надад ном унших боломж олгосон аав ээж, намайг хардаг байсан нутгийн эгч нар, нутгийн хүмүүст талархдаг. Нөгөө талаар хүүхэд насыг эргээд дурсахад нүүдлийн нэлээд урт маршрут гарна. Манайх Хэнтийн Цэнхэрмандал суманд байж байгаад аймгийн төв Өндөрхаанд, тэндээсээ Багануурт нүүж ирээд сүүлд нь Улаанбаатарт ирж суурьшсан. Би наймдугаар ангидаа л хотын сургуульд суралцсан. Дунд анги хүртлээ хөдөөний сургуулиар суралцсан гэдгээ би сул тал гэж боддог байлаа. Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ямар нэг зүйлийн утга учир хийгээд агуулга өөрчлөгдөж эхэлдэг. Надад одоо цав цагаан цастай нүд алдам тал, Цэнхэрийн голын хоржигнон урсах чимээ, Хар зүрхний хөх нуурын диваажин мэт байгалийн үзэсгэлэн. Ээж аавтай, эмээ өвөөтэй, бүх хүн байсан тэр он цаг ямар үнэ цэнэтэй байгаа вэ гэдгийг мэдэрч байна. Ялангуяа хайртай хүмүүсээ нэг нэгээр нь алдаад ирэхийн цагт өөр өнгөтэй, өөр үнэ цэнэтэй болдог юм билээ. Миний хүүхэд нас монгол хүүхдүүдийн л нэгэн адил байгаль дэлхий, надад хайртай нутгийн ард түмний гар дээр өнгөрсөн байна. Яах вэ цаг үе хэцүү байсан уу гэвэл тийм. Гэхдээ эргэж хараад л ийм тийм гэж гомдоллох юм байхгүй.
Би танихгүй ч бага нас, миний ямар хацартай хүүхэд байсныг санаж байгаа хүмүүсийн нутаг, миний нутаг юм байна!
–Хүүхэд насны дурсамжид хэцүү үе байдаг ч эргэн дурсахад сайхан байдаг шүү?
-Хүний тархи үзэж өнгөрүүлсэн туршлагадаа үндэслэж кодлогддог. Хүүхэд байхдаа идэж өссөн хоол ундандаа дуртай болох нь хамгийн энгийн жишээ. Надад гэхэд л нэг зөнгөр зан бий. Хотоос гэнэтхэн л гараад явчихмаар. Их хол, бартаатай замд, цастай нүд алдам талаар харанхуй шөнө давхих дуртай гэх мэт. Энийгээ би хүүхэд наснаас үлдсэн носталжиа байна гэж хардаад байгаа. Би дөрвөн хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь охин. Ээж аав хоёрыг залуухан эмч байх үед хоёулахнаа л байлаа. Хоёр дүү маань нэлээд хожуу төрсөн л дөө. Хааяа ээж аав хоёр холын дуудлаганд эгч бид хоёрыг авч явдаг байж. Цав цагаан, цасан далай дундуур УАЗ 469 машины жигдхэн нүргэлэх дуун, шөнийн цастай замаар жалга судаг руу уруудаж өгсөх үеийн гэрэл тусах тэрүүхэн орон зай. Зун цагт гурван дугуйтын банкан дээр суугаад явах нь өөрөө барьж буй мэт сэтгэгдэл төрдөг байлаа. Сумын эмч аавыгаа дагаж тэр цастай талаар давхиж яваад миний тархинд нэг тийм ой санамж үлдсэн юм шиг байгаа юм. Миний өссөн хөдөөгийн тэр жижигхэн суурин одоо ч хэвээрээ, хэдэн бор модон байшинтай.
–Нутагтаа хамгийн сүүлд хэзээ очив?
-Японоос дөнгөж ирээд байтал Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 90 жилийн ой болж, би дөнгөж хэвлэлтээс гарсан номоо, номын санд өгөхөөр аваад очлоо. Ойн арга хэмжээний дараах хүлээн авалтад оролцохдоо тайзан дээр үг хэлж номоо өгчихөөд бууж иртэл маш олон хүн намайг нэрээр минь дуудаж “Багын том хацартай хүүхэд байсан тэр хацар хаачив” гэх мэтээр таньж байлаа. Хамгийн гол нь тэдгээр хүмүүсийн нэгнийх нь ч царай миний ой тойнд байдаггүй.Төдийг хүртэл надад “Би ер нь аль нутгийн хүн юм бэ”гэдэг асуулт нээлттэй байлаа. Аавын нутаг гэх юм уу, төрснөө хөөвөл Улаанбаатар уу, Цэнхэрмандалынх юм уу. Гэтэл тэр хүлээн авалт дээр намайг таньж байгаа тэр олон хүнийг хараад “За за энэ юм байна. Миний бага нас, миний хацрыг санаж, намайг эрхлүүлж байсан хүмүүс байгаа нутаг бол миний нутаг юм байна. Би энд төрсөн, эндхийн хүн гэж ярьж явъя” гэж бодсон.

–Таны ярианд Цэнхэрмандал сумын 90 жилийн ойн тухай, амьдарч байсан хоёр модон байшингийн тухай гарлаа. Нийгэмд нэг ийм яриа байдаг. Орон нутаг 100 жилийнхээ ойг хийгээд байдаг гэтэл 100 жилийн хөгжил хаа байна гэдэг асуулт. Та энэ жишээнд хэрхэн ханддаг вэ?
-Ямар ч зүйлийг олон талаас нь харах өнцөг байдаг. Хүний амьдралын түүхэнд 100 жилийн дотор нэг тосгон ч юм уу, суурин байгуулаад амьдрана гэдэг баярламаар, тэмдэглэмээр зүйл мөн үү гэвэл мөн. Жалгын нэг шахуу амьдралтай хөдөөний ард түмэнд нэг цуглах, баярлах, нэгдэх сэдэв хэрэгтэй. Оросуудын хийсэн засаг захиргааны нэгжийн хуваарилалт биш ээ, бидэнд илүү их түүх он цагийн бичээс бий гэж байгаа юм бол энэ манлайлал Улаанбаатар хотоос эхэлж, бодлогын энэ бүсчлэлээс гараад хуучин уламжлалт засаг захиргааны нэгжээ сэргээж өгөх хэрэгтэй. Мянга, хоёр мянган жилийн түүхийн баринтгыг задлах сэдлийг нь өгчих юм бол ахиад л тэр түүх дээрээ ард түмэн нэгдэнэ. Жишээ нь Сэцэн хан аймгийн он цаг байж болно. Гэтэл би өнөөдөр Цэнхэрмандал сумын хүүхэд гэж бодож байхад сумын 90 жилийн ой болвол би очино. Нөгөө талаар 90, 100 жил болчихоод модон жорлонтойгоо л байна бид хөгжсөнгүй л гэдэг. Тийм, ингэж харж болно. Бид ардчилал, зах зээлийн эдийн засгийн системд орж 30 жил болсноор хүмүүс маань оюун санааны хувьд илүү задарсан байна. Урд хөршөөр явж байхад тэдний материаллаг хөгжил атаа төрөм харагдана. Урт сайхан зам байна. Дэлхийн дэд бүтцийн рекордын 80 хувийг эзэмшиж байна. Энэ материаллаг хөгжил мөн үү гэвэл мөн. Гэтэл хүнийх нь хөгжил хаана байна. Өөрсдийн бий болгосон We chat гэдэг цахим сүлжээндээ ард иргэд нь блоклогдож дэлхийн хязгааргүй мэдээ, мэдээллийн ертөнцөөс ангид байна. Хамгийн наад талын өвөр монгол хүн гэхэд л биднээс шал өөр. Монгол хүн эрх чөлөөг ус агаар мэт хэрэглэдэг. Ингэж ус агаар мэт хэрэглэдэг эрх чөлөөндөө бас нэг талаар хайр гамгүй хандаад байна уу. Эрх чөлөөтэй байна гэдгээ ухамсарлахгүй болтлоо дассан байна. Өвөрмонголд явж байхад “Монгол хүн ирэхэд цаанаа л нэг өөр харагддаг” Энэ мөнгөөр ч юм уу, авто замын уртаар хэмжигдэхгүй оюун санаа, тархины хөгжил яваад буйн л илрэл. Бидний хөгжил тархинд явсан байна.
–Та сая эрх чөлөө гэдгийг ухамсарлахгүй байна гэж. Хүн бүр л өөр хариулт хэлэх байх, таны хувьд эрх чөлөө гэж юу вэ?
-Эрх чөлөөний талаар би хоёр зүйл хэлэх байна. Нэгдүгээрт дураараа, зоргоороо байх гэдэг ойлголт байна. Гэтэл анх freedom, liberty гэдэг философийн ухагдахуунд суурилж улстөрийн системүүдээ хөгжүүлсэн улс орнууд эрх чөлөөг юу гэж тодорхойлсон бэ. Энэ миний үүрэг гээд үүргээ өөрөө ухамсарлаж, өөрөө үүргээ биелүүлэх сонголт хийх чадварыг эрх чөлөө гэнэ. Тэгэхээр энд Consciousness буюу ухамсар ороод ирж байгаа биз. Ухамсарлахаас гадна “Энэ миний үүрэг учраас би энэ үүргээ үйлднэ” гэсэн сонголт хийж байгаа чадвар. “Хөгжил гэдэг Таны ухамсартайгаар сонголт хийж үйлдэж байгаа эрх чөлөө улам дэвшихийг хэлнэ” гэж миний дагадаг Германы философич Гегель хэлсэн байдаг. Түүхийн диалетик гэдэг бараг тэрийг хэлсэн байхгүй юу. Марксын диалетикаас эсрэг идеализм. Хоёрт би сүүлийн үед өөрийн амьдралаас урган гарсан нэлээд прагматик эрх чөлөөний тухай бодоод байна. Догматик. Янз бүрийн догманууд хүн болох шатанд хүний бие сэтгэл, оюун санаа, ухамсарт нэвчсэн байдаг. Ямар ч догма байж болно. Эрх чөлөө гэдэг энэ догма-гаас ангижрах чадвар юм байна даа гэж бодоод байгаа. Хэрэв та оюун санаандаа liberty олоогүй бол хэзээ нэгэн цагт, хэн нэгэн танд суулгасан үзэлд уягдаад, тэр хашаан дотор насыг бардаг юм байна даа. Та тодорхой хэмжээнд оюун санааны эрх чөлөөгөө олж чадах аваас өөрөө, өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээ тодорхойлно. Ихэнх хүн эрх чөлөө гэдгийг олж чадах уу гэдэг асуулт. Монголчуудын нэг догма эх хэл соёлд ажиглагддаг. Жишээ нь Б.Ринчен гуайн монгол хэлний тухай хэлсэн дөрвөн мөр байна. Цээжлэхэд амархан дөрвөн мөрт шиг аюултай догма хүнд байхгүй. “Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл…” гээд хэлэнгүүт л ийм сайхан монгол хэл гэж кодлогдоод үүнийг л би хамгаалъя гээд бүх насаараа эндээ уягдаж орхино. Энэ чинь бас л догма байхгүй юу. Тэгэхээр эрх чөлөө гэдэг түүхийн, хүн төрөлхтний зорьж байгаа үндсэн чиглэл. Энэ асар том үзэгдэл учраас хаанаас нь ч хэлж болно. Тэгэхээр би танд хоёр хариулт өгч байна тийм ээ. Нэг бол Герман талаа барьсан философийн тодорхойлолтоор үүрэгтэй уялдуулна. Нөгөө талаас амьдралаас урган гарсан догма-гаас салах тухай.

–Достоевский “Хүн гэдэг зол заяагүй амьтан төрөхөөс даган ирдэг эрх чөлөөгөө өөр хэн нэгний өлмийд тавихаас нааш санаа нь амардаггүй” гэж хэлсэн. Сая үхширсэн үзэл гээд ярихаар бодож суулаа “Ихэнх хүний оюун санаа чөлөөлөгдөж чадахгүй юм бишүү, эрх чөлөө гэж байдаггүй юм байна” Нэг үгээр хэлвэл эрх чөлөө гэж хүсэх тэр мөчөөс эхлээд л тэр хүслийнхээ боол болчихож байна. Эрх чөлөөг хүсэх нь догма болж байна шүү дээ?
-Достоевскийн зохиол бүтээл дээр бүх дэлхийгээрээ хэр удаан ажиллаж байгаа билээ. Достоевскийн уншигчдад нэг юм хэлмээр, тайлбарламаар санагдаад байдаг. Түүний зохиол бүтээлийг тайлбарлахад заавал Исүс Христ орж ирнэ. “Идеал гоо сайхан байна гэж бодохгүй юм бол энэ амьдралд учир утга алга” гэж Достоевский хэлсэн. Гегель, Достоевский нар толгой дотроо байдаг absolute төгс ертөнц рүү хүн дөхөх боломжтой гэж үзээд, бичээд байдаг. Тэгээд дөхөхгүй болохоор нь мань эр хүмүүсийг хараасан гэдэг. Таныг тийш дөхөх боломжтой гэж бичээд байна гэдэг эрх чөлөөт агент үзээд найдаад байгаа хэрэг. Дөхөхгүй болохоор “Гэм зэм”-ээр хүн алж үзүүллээ шүү дээ. Раскольниковыг аварч байгаа Сониягийн хайр чинь Исүс Христийн дагалдагчдадаа сургаж үлдээсэн тэр хайр юм шүү дээ.
-Ардчилсан системд ороод бид нэгэнт 30-аад жилийг үджээ. Дэлхийн олон орон энэ системээр замнаад удсан байдаг. Гэтэл бид тэр ардчилсан улсуудыг харж байгаад хаана алдав, юун дээр онов гэдгийг нь олж мэдээд засаж, залруулаад явж болдоггүй юм байх даа гэж бодож суудаг. Алдааг нь давтаад л араас нь яваад байх шиг?
-Би хүмүүсийг хүлээж автал нь нэг сэдвийг ноолж, улиг болтол нь давтдаг. Япон школтой хамаатай байж магадгүй. Бид хүний араас явах, алдааг нь давтахдаа гол нь биш. Зүгээр бүх улсын туулсан хэдхэн үндсэн даалгавар байгаа. Хамгийн товчоор хэлэхэд оюун ухаанаа хөгжүүлэх. Хүн дагаж болно, дууриаж болно. Бид дууриаж үзлээ. Дууриагаад Үндсэн хууль бичлээ, машин унаж үзлээ. Нэг л болохгүй байгаа биз. Энэ чинь даалгавараа хийхгүй байгаа л байхгүй юу. Би түрүүн бүх орон хийсэн нэг даалгавар байгаа гэж. Дахин сэргэлт, классик, романтизмын үе, шинжлэх ухааны хувьсгал, технологи. Даалгавар гэдгийг би ганцхан техник мэдлэг гэдэг утгаар хэлээгүй шүү. Нэг талаас технологи хөгжсөн дэлхийн дүрмийг дагахаас аргагүй. Бид физик, химиг ойлгож байж л урагшлана. Нөгөө талаас Достоевский, Занабазар, Данзанравжаагийн хэлээд байгаа соён гэгээрэх, оюун санааны дэвшил. Энэ хоёр даалгавараа хийхгүй байна. Зүйрлэвэл инженерийн суурь мэдлэг аваагүй нэг нөхөр нүхэн гарц барихаар тэнд чинь машин давхиж очоод гацчихаад байхгүй юу.
-Нийтлэлчийн хувиар барьж авсан, таны хэлээр ноолж байгаа ямар сэдэв байна?
-Сүүлийн үед дунд боловсролын талаарх сэдвийг ноолмоор санагдаад болохгүй байгаа. Дунд боловсрол гэдэг тийм ярвигтай зүйл биш. Тодорхой хэмжээнд хөгжсөн байгаа дэлхийн мэдлэгийг багшаас шавьд дамжуулах л процесс. Дунд боловсрол ийм үнэтэй байх ёсгүй угаасаа. Ийм хамгийн энгийн даалгавараа хийхгүй, хүүхдэд физик заахгүй, хими заахгүй байна. Их сургуулийн физикийн ангид хэдэн оюутан байна.
–Цөмийн физикийн анги хоёрхон оюутантай гэж сонссон.
-Гэтэл бүх дээд сургууль жүжигчний ангитай. Үүнээс болоод бүх асуудал унасан хойно аймаар сүртэй, том нэртэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд ухнатаад унана. Энэ чинь хүний амьдрал, цаг хугацаа, боломж алдагдаж байна. Энэ анхны даалгавараа хийгээгүй ухнатсан юмнуудаас болж болзоонд явж буй залуус гоё гудамжаар алхахгүй, эрдэм сурах хүүхдүүд гоё сургууль танхимд хичээллэж чадахгүй дурсамж, мэдлэгийг нь хүртэл үгүй хийчихлээ. Эхэндээ би нэлээд том агуулгаар аж үйлдвэрлэл гэх мэт ялангуяа эдийн засаг талдаа бичдэг байлаа. Тэгээд би “За эд нар комплекс системийн бодлого хүлээж авах ч болоогүй, дунд сургуульдаа хичээлээ хийх ёстой юм байна” гэдэг дээр л очсон.
-Хүлээж авах болоогүй гэхээсээ илүү хүлээж авах хүсэлгүй л юм биш үү?
-Өнөөгийн боловсролын систем хүүхдийг цэцэрлэг, бага ангиас нь эхлээд хүлээж авах чадварыг нь боомилоод байна. Энэ та бид хоёрын ярианы үндсэн сэдэв болох эрх чөлөө. Ингэж боомилох нь эрх чөлөөт хүн байх боломжийг нь багад нь булааж байна гэсэн үг. Хүүхдийг багад нь хөгжих боловсрох боломжийг нь хязгаарлаж байгаа нь хүмүүнлэгийн том дээрэм. Одоо сонгогчдын боловсрол гэж нэг инээдтэй юм байна. Дунд сургуулийн хүүхэд байхад нь боловсруулаагүй байж сонгуулийн өмнөх гурван сард яаж боловсруулах гээд байгаа юм бэ.
–Нийгмийг удирдан чиглүүлж явдаг хэсэг аль ч “изм”-ийн үед байсаар ирж. Тэд дүрмийг тодорхойлолцоогүй, шийдвэр гаргах түвшинд орохгүй болохоор эргээд нийгэмтэйгээ тэрсэлдээд байх шиг санагддаг?
-Улстөрийн системийн судалгаа талдаа гүрү нь гэж хэлж болох Самуэл Хантингтон “Нийгэм орчин үежих процесс явах тусам эдийн засгийн баялаг нэмэгдэнэ. Баялаг нэмэгдэх тусам шийдвэр гаргах тойргын төв рүү хөвөөнд байсан дунд ангийнхан шахах буюу accses хийхийг хүснэ. Энэ accses-ыг өгөх зам нь нээлттэй, ил тод, шудрага зарчимтай байх юм бол үүнийг улстөрийн институци хөгжсөн байна гэж үзнэ” гэж томъёолсон. Ямар нийгэм тогтворгүй болдог вэ улстөрийн урд эдийн засгийн реформ яваад өмнө нь боломжгүй байсан залуус боломжтой болчихсон. Эдийн засгийн реформ үр дүнгээ сайн өгсөн байх тусам улс төр тогтворгүй болно. Яагаад гэхээр төв рүүгээ шахах буюу accses хийх гээд байдаг, блоктой байх юм бол нөгөө энерги хөвөө хэсгээрээ хөдөлгөөнд орж тогтворгүй төлөвт орно. Ойлгомжтой хэлсэн байгаа биз.
–Уг нь тантай хүүхэд нас, хувь хүн талаас нь ярилцана гэсэн боловч нийгэмд үзэл бодлоо хүргэж чаддаг нийтлэлч учраас яах ч аргагүй нийгэм рүү орлоо. Ярилцсанд баярлалаа.
Mundag yumaa
Bayarllaa