Хэрэв бид Солонгос шиг 51 сая, Япон шиг 124 сая, Америк шиг 340 сая хүн амтай шиг олуулаа байсан бол монголчуудын дэлхийд гайхуулах амжилт хэд дахин илүү байх байлаа гэх омогшлыг дахин төрүүлсэн хүн бол ‘Buro Mongolia’, ‘Velin magazine’-ий Ө.Содгэрэл байлаа. Оюуны чадамжаараа дээгүүрт бичигддэг монгол үндэстнийг дэлхийн загварын салбарын шилдэг 500 хүний жагсаалтад багтана чинээ бид байтугай дэлхий ч төсөөлөөгүй гэлтэй. Адуу мал, монгол гэр, онгон байгалиараа харь хүний төсөөлөлд буудаг хүн ам цөөтэй Монголоос дэлхийн загварын салбарыг тодорхойлогч төрлөө.
Тууштай, сэтгэлтэй, оролдлоготой нэгний бас нэгэн жишээ болсон тэрээр “Монголыг дэлхийтэй холбосон аяллаа даруухан, урам зоригтойгоор цааш үргэлжлүүлнэ” хэмээжээ. Соёлын дайн өрнөж буй өнөө цагт дэлхийд дээл моданд орох өдөр ирэх болтугай хэмээн ерөөгөөд бидний цөөхөн монголчуудын нэг Ө.Содгэрэлд дахин дахин баяр хүргэе. Дашрамд дуулгахад манай гуравдагч хөрш болох Өмнөд Солонгосын алдартнууд дэлхийн загварын салбарыг тодорхойлогч 500 хүний жагсаалтад 2019 онд BTS хамтлагийн дуучин Jimin, 2022 онд Black Pink хамтлаг, 2025 онд Солонгос гаралтай Америк иргэн Annie Choi нар тодорч байжээ.